ГУУС-ийн ахмад багш нар “Профессорын_зөвлөл” байгууллаа
binderya@must.edu.mn

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Захирлын зөвлөлийн шийдвэрт үндэслэн тус сургуулийн ахмад багш нарын “Профессорын зөвлөл” Захирлын тушаалаар байгуулагдлаа.

Монгол Улсын геологи, уул уурхай, геодезийнн салбарын түүхэн хөгжлийн гэрч, үндэс суурийг тавигч, шинжлэх ухаан, боловсролын үнэт өвийг бүтээлцсэн ахмад эрдэмтэн, профессор, хөдөлмөрийн баатар, гавьяат багш, төрийн соёрхолт эрхэм нэрт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн ГУУС-ийн дэргэдэх “Профессорын зөвлөл”-ийг байгуулснаар профессорууд геологи, уул уурхай, геодезийн  салбарын шинжлэх ухааны хөгжилд дахин үнэт хувь нэмэр оруулах, мэдлэг, туршлагаа залуу хойч үед өвлүүлэн үлдээх үйлсэд нэгдэн ажиллахаар боллоо.

 

Бэрхийн далд уурхайн музейд зориулсан уул уурхайн ахмад профессоруудын зураг авалтын үеэр
 

Тус зөвлөлийн анхны хуралдаан нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 1-315 тоот өрөөнд зохион байгуулагдаж геологи, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хойч үеийн боловсон хүчин бэлтгэл, судалгаа шинжилгээ, инновацын хөгжилд оруулах хувь нэмрээ шинэ түвшинд хүргэх талаар өргөн хүрээтэй санал солилцсон, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Профессорын зөвлөл”-ийн гол зорилго нь:

  • Удиртгал хичээл, ахисан түвшний магистр, докторын хөтөлбөрүүдэд ахмад судлаачдын мэдлэг, туршлагыг шингээх;
  • Судалгааны үр дүнд суурилсан хичээл, сурах бичиг, гарын авлага, ном бүтээл боловсруулах;
  • Салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагад нөлөөлөхүйц суурь судалгаа, бодлогын түвшний зөвлөмж, шинжлэх ухааны бүтээл туурвих;
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдэд геологи уул уурхайн салбарын үйл ажиллагааг үнэн зөв бодитоор мэдээллэх, танилцуулах;
  • Залуу судлаач, багш нарыг чадваржуулах, мэдлэгийн залгамж халааг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Эрдмийн энэ эрхэм зөвлөлийг Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат багш, зөвлөх инженер, доктор, профессор С.Цэдэндорж ахлаж ажиллах ба тус хамт олны нэр хүнд, үйл ажиллагааны чиглэл, хэтийн зорилго ямар гүн гүнзгий, өндөр түвшинд явагдахыг илтгэн харуулж байна.

Эрдмийн баялаг өв, мэргэжлийн үнэт туршлагаа улс орныхоо уул уурхайн салбарт харамгүй зориулж, өнөө цагт ч мэдлэгийн их үйлст манлайлан зүтгэж буй ахмад багш, эрдэмтэд маань энэхүү зөвлөлийн хүрээнд:

  • Салбарын хөгжилд суурь судалгааны хүрээнд бодит үр дүн гаргах;
  • Шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийн боловсруулалтад хувь нэмрээ оруулах;
  • Боловсон хүчний чадавхыг сайжруулах, залгамж халаа бэлтгэх, туршлагаа хуваалцахад үнэт хөрөнгө оруулалт хийх болно.

Монголын геологи, уул уурхайн шинжлэх ухааны үндэсний тулгуур багана болсон эдгээр эрхэм хүмүүсийн оюуны хөрөнгө, бүтээлч санаачилга нь салбарын ирээдүйн хөгжил, тогтвортой байдалд гүн гүнзгий нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

ГУУС