Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уул уурхайн боловсрол, судалгааны чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Словак Улсын Кошицегийн Техникийн Их Сургуулийн (Technical University of Košice, TUKE) төлөөлөгчдийг хүлээн авч албан ёсны уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд ШУТИС-ийн Ректор, профессор Т.Намнан зочдыг халуун дотноор хүлээн авч, Монгол Улс болон Словак Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд их сургуулиудын түншлэл чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Тэрээр ШУТИС нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын хүрээнд Европын их сургуулиудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Кошицегийн Техникийн Их Сургуультай сургалт, судалгаа, инновацын чиглэлээр урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг илэрхийлсэн юм.

Мөн хоёр орны найрсаг харилцаа, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны уламжлалыг өндрөөр үнэлж, энэхүү айлчлал нь байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэх бодит эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтад Кошицегийн Техникийн Их Сургуулийн Уул уурхай, экологи, процессын удирдлага, геотехнологийн факультетийн дэд декан, олон улсын хамтын ажиллагаа болон төслийн үйл ажиллагаа хариуцсан профессор Martin Sisol, PhD тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны боломж, цаашдын хөгжлийн чиглэлүүдийн талаар санал солилцов.
Кошицегийн Техникийн Их Сургууль нь Төв Европын бүс нутагт уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт, геотехнологи, геотехник, байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, судалгааны байгууллагын нэг бөгөөд Европын Холбооны олон улсын төсөл, судалгааны хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог их сургууль юм.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны үндсэн хоёр чиглэл болох сургалт болон судалгааны асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Сургалтын хамтын ажиллагааны хүрээнд бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцох, багш, судлаачдын академик хөдөлгөөнийг дэмжих, хамтарсан сургалтын модуль боловсруулах, богино хугацааны сургалт болон зуны сургуулийг зохион байгуулах, докторын хамтарсан удирдлага хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав.
Судалгаа, инновацын чиглэлээр ашигт малтмалын баяжуулалт, геотехникийн инженерчлэл, уурхайн тогтвортой хөгжил, уул уурхайн байгаль орчны менежмент, эрдэс түүхий эдийн гүн боловсруулалт, критикал минералын судалгаа, дижитал уул уурхай зэрэг чиглэлүүдэд хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ. Мөн Европын Холбооны Horizon Europe болон бусад олон улсын судалгааны хөтөлбөрүүдэд хамтран оролцох, эрдэм шинжилгээний бүтээл хамтран хэвлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр тал уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, технологийн шинэчлэл, өндөр ур чадвартай инженер бэлтгэх асуудал нь дэлхий нийтийн тулгамдсан зорилтуудын нэг болж байгааг онцолж, энэ чиглэлд хамтарсан судалгаа, инновацын үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Энэхүү уулзалт нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн олон улсын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, Европын боловсрол, судалгааны байгууллагуудтай тогтоосон түншлэлийг бэхжүүлэх, багш, судлаач, оюутнуудын олон улсын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Цаашид талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, академик солилцоог өргөжүүлэх замаар Монгол, Словак хоёр улсын уул уурхайн боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахаар санал нэгдэв.
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо