ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн төлөөлөгчид Бээжингийн ШУТИС-ийн Тяньжинь коллежид ажиллаж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ
binderya@must.edu.mn

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор К.Хавалболот тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тяньжинь коллежид айлчилж, сургалт, эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэлтэй хамтарсан судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг хэлэлцлээ.

Айлчлалын хүрээнд зохион байгуулсан уулзалтад Тяньжинь коллежийн намын хорооны нарийн бичгийн дарга Ни Юй, орлогч нарийн бичгийн дарга Дун Лян болон холбогдох нэгжийн удирдлагууд оролцов. Мөн Zhujiang хөрөнгө оруулалтын удирдлагын группийн Монгол дахь эрчим хүчний компани, зэс, полиметаллын уурхайн төслийн удирдлагууд цахимаар оролцож, их сургууль–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжийн талаар санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд хүлээн авагч тал сургуулийнхаа хөгжлийн түүх, сургалтын онцлог, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, олон улсын хамтын ажиллагааг танилцуулав. Тус коллежийн Олон улсын боловсролын сургуулийн төлөөлөл гадаадын их сургуулиудтай хэрэгжүүлж буй кредит харилцан хүлээн зөвшөөрөх болон хамтарсан төслүүдийн туршлагаас хуваалцсан юм.

Профессор К.Хавалболот ГУУС-ийн сургалт, судалгааны чадавх, хөгжлийн чиглэлийг танилцуулж, Тяньжинь коллеж болон үйлдвэрлэлийн түншүүдтэй урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Тэрээр аж ахуйн нэгжийн бодит хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, туршилт, дадлагын ажлыг уялдуулах боломжийг онцлов. Үйлдвэрлэлийн төлөөлөгчид уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн зураг төсөл, мэргэжлийн хүний нөөцийн бэлтгэлд их сургуулиудын оролцоо чухал байгааг тэмдэглэлээ. Талууд сургалт, хүний нөөц; эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инноваци, технологи дамжуулалт чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Уулзалтын үеэр Тяньжинь коллеж ШУТИС-ийн ГУУС-ийн эрдэмтдийг зочин профессороор урьж, Зочин профессорын батламж гардуулав. Түүнчлэн хамтын ажиллагааны санамж бичгийн төсөл, хамтын ажиллагааны зорилго, зарчим, эрх зүйн үндэслэл болон дараагийн ажлын үүрэг хуваарийн талаар хэлэлцлээ.

Айлчлалын эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд профессор К.Хавалболот 11 дүгээр сарын 11-нд тус коллежийн “Mingde” цувралын 21 дэх лекцийг “ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэм шинжилгээний хөгжил, судалгааны чадавх, олон улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр уншсан юм. Энэ нь уг цувралд гадаадын профессорыг урьж оролцуулсан анхны лекц болов. Оюутнуудтай хийсэн хэлэлцүүлгээр тэрээр математик, програмчлалын суурь мэдлэгээ гүнзгийрүүлж, хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн бодит асуудал шийдвэрлэхэд ашиглахын ач холбогдлыг онцоллоо.

   

Төлөөлөгчид мөн Тяньжинь коллежийн 20 жилийн ойн түүхэн үзэсгэлэн, дадлага, хөдөлмөрийн сургалтын баазтай танилцав. Цаашид талууд уулзалтаар бүрдсэн санал, ойлголцолд тулгуурлан санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл, мэргэжилтэн хамтран бэлтгэх болон хамтарсан судалгааны ажлуудыг үе шаттайгаар урагшлуулахаар төлөвлөж байна.