“Өрөмдлөг-2017” Oлон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурал болов.
ganbii

“Өрөмдлөг-2017” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага  хурал болов

Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо болон  ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран  олон улсын эрдэм шинжилгээний “Өрөмдлөг-2017” бага  хурлыг энэ сарын 12-нд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа. Жил бүр зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн энэ удаагийн бага хурал нь уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог юм.

Энэ удаагийн бага хурлаар хэд хэдэн онцлох эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдаж, салбарын түвшинд анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал бодлоо хуваалцлаа. Уг хурлыг Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер Л.Төвхөө нар удирдан явуулсан юм.

Бага хурал дээр “Ашигт малтмалын баялаг, нөөц ба тэдгээрийн ангилал, заавар”,  “Хайгуулын өрөмдлөгт чулуулгийн динамик хатуулгийг тодорхойлох аргуудын судалгаа”, “Өрөмдлөгийн үед чулуулгийн хөөлтийг багасгах судалгаа”, “Ураны ордууд дахь хайгуулын өрөмдлөг”, “Газрын гүний дулааныг ашиглах боломжийн судалгаа”, Бал чулууны өрөмдлөгийн нөхцлийн судалгаа, үнэлгээ” зэрэг илтгэлүүд тавигдсан бөгөөд “MSM”, “Baeur”, “Эпирок” зэрэг өрөмдлөгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцууллаа.