АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
binderya@must.edu.mn
“БАГАНУУР” ХК, ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
       Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын нэрэмжит Геологи, уул уурхайн сургууль Багануур Хувьцаат компанитай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд сургалт, судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх зэргээр олон үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлдэгээс Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Магистрант, докторант оюутны 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2025 оны 04 сарын 04-ний Баасан гаригт Багануур ХК-ийн “Алтан Уурхай” их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд энэ жил тус сургуулийн таван салбараас шалгарсан 4 докторант, 6 магистрант оролцсоны дотор Багануур ХК-ийн 3 ажилтан илтгэл хэлэлцүүллээ.
   
     Эрдэм шинжилгээний хурлыг Профессорын үг, Үндсэн хуралдаан, Уурхайтай танилцах аялал гэсэн хөтөлбөрөөр зохиодог уламжлал тогтсон ба хурлын эхэнд Профессорын үг хөтөлбөрөөр ГУУС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, дэд профессор К.Хавалболот “Эрдэс баялгийн салбар-Хиймэл оюун ухаан” сэдвээр илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний II хурлын шүүгчээр тус сургуулиас:
 
  1. Газрын тос, өрөмдлөгийн салбарын дэд профессор, доктор Б.Наранцэцэг,
  2. Геодезийн салбарын ахлах багш, доктор С.Жаргалмаа,
  3. Геологийн Гидрогеологийн салбарын дэд профессор, доктор Б.Алтанзул
  4. Уурхайн технологийн салбарын дэд профессор, доктор П.Нарантуяа
  5. Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын профессор, доктор Д.Энхбат нар ажиллаж;
Багануур ХК-иас:
  1. Монгол улсын зөвлөх инженер, доктор Х.Хашбат,
  2. Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр Т.Амарсанаа нар ажиллалаа.
Оролцогчдын танилцуулсан илтгэлийг асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол зэргийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.
Магистрантуудаас:
  1. Тэргүүн байранд “Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн М.Эрдэнэтуяа,
  2. Дэд байранд “Багануурын хүрэн нүүрсний ордын илчлэг багатай хэсгийг олборлох боломж” сэдвээр итгэл танилцуулсан магистрант М.Мөнхбаясгалан,
  3. Гутгаар байранд “Эрдэнэтийн дүүргийн Оюут зэс молибдений ордын агуулагч чулуулгийн петрографи” сэдвээр илтгэл танилцуулсан магистрант Я.Батзаяа нар тус тус шалгарав.
Докторантуудаас:
  1. Тэргүүн байранд “Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан байгуулах төслийн суурь судалгаа, дизайны шийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн докторант М.Отгон,
  2. Дэд байранд “Ил уурхайд тэсэлгээгээр үүсэх чичирхийллийн үйлчлэлийн нөлөөллийг тодорхойлсон судалгааны зарим үр дүн” сэдвээр илтгэл танилцуулсан докторант Г.Түвшинжаргал,
  3. Гутгаар байранд “Газрын тосны орд газрын хөрсний дээжид хийсэн шинжилгээний зарим үр дүнгээс” сэдвээр илтгэл танилцуулсан докторант Э.Батцэцэг нар шалгарлаа.
Ийнхүү Багануур ХК, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний 2 дугаар хуралд амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жилээс хурлыг илүү өргөн хүрээний оролцоотойгоор, илүү өндөр шагналын сантай зохион байгуулахаар талууд санал нэгтэй шийдвэрлэв.
ГУУС, Эрдэм шинжилгээ инновацийн алба